Буцах


Гэрээ үзэглэхээсээ өмнө өөрөөсөө асуух асуултыг нэрлэж байна.

PR агентлагтай тогтоох харилцаа үр дүнтэй байхын тулд хүсэл зорилгоо нэгтгэж, сайтар ойлголцох хэрэгтэй. Бусад харилцаанаас нэг их ялгаагүй байгаа биз. Аливаа харилцааны л адилаар бид алдаанаасаа суралцаж, хөгжиж байдаг. Мэдээж алдахаас сэргийлэх боломж байгаа тохиолдолд тойрох нь алдагдал багатай.

Дэлхийн хэмжээнд PR хийдэг агентлагийн шилдэг мэргэжилтнүүд Олон нийтийн харилцааны аутсорсингийн үйлчилгээ авах тухай ийн туршлагаа хуваалцжээ.


1.Хүсэл, зорилгоо урьдчилан тодорхойлоорой

Та компаниа дөнгөж үүсгэн байгуулаад байна уу? Эсвэл үйл ажиллагааны чиглэлээ өөрчилж, брэндийнхээ талаарх ойлголтыг зүг чигт нь оруулах хэрэг гарсан уу? Агентлагтай хамтран ажиллахаасаа өмнө шийдвэрлэхийг хүсэж буй асуудлаа тодорхойл. PPR Worldwide-ын Дэд Ерөнхийлөгч Эмили Данлопын хэлж буйгаар зорилгоо тодорхойлж “Би юу хүсэж байна вэ?” гэдэг асуултад хариулснаар хүсэмжит үр дүнд хүрэх магадлал ихэснэ. Нарийн тооцохоо мартуузай, “брэндээ сурталчилмаар байна” гээд орхиж болохгүй.


2.PR үйлчилгээ авах сэтгэлзүйгээ бэлдээрэй

“Олон нийтэд бизнесээ сурталчлахыг хүслээ гээд PR үйлчилгээ авахад бэлэн гэсэн үг биш” хэмээн DialedPR бутик агентлагийг үүсгэн байгуулагч Андреа Холланд зөвлөж байна. Олон нийтийн мэдээлэл харилцааны (ОНМХ) стратеги төлөвлөгөө гаргахаасаа өмнө дараах зүйлсийг бодолцох хэрэгтэй аж:

-Таны бизнес өрсөлдөөн дунд юугаараа ялгарахыг батлан харуулж чадах уу?

-Зорилтот бүлгээ тодорхойлж чадах уу?

-PR аутсорсингийн үйлчилгээг үр дүнтэй байлгахын тулд нөөц бололцоогоо дайчилж чадах уу?

-Хэвлэлүүдэд мэдээлэл өгөх төлөөлөгч бий юу?

-Олон нийтийн мэдээлэл харилцааны төсвийг урт хугацаанд гаргах боломжтой юу?

Хэрэвзээ дээрх болзлын гурвыг ханаж байвал аутсорсинг үйлчилгээ авахаа түр азнах хэрэгтэй. PR бол төлөвлөгөөгүй, тодорхойгүй хэрэгжүүлж болдог ажил биш. Түр зуурын үр дүнгээс илүү зүйл, үнэ цэнэ хүлээж байгаа бол дүйцэх хэмжээний зардал гарна гэдэгтэй эвлэрэх хэрэгтэй.


3.Агентлагийн зүгээс үр дүнг хэрхэн хэмжих төлөвтэй байгааг асуу

Хамгийн чухал асуулт бол энэ. Үр дүнтэй PR ажиллагаа явуулахын тулд амжилтыг хэрхэн хэмжихээ тодорхойлох хэрэгтэй. Дунд түвшний Armint Dietrich агентлагийг үүсгэн байгуулагч, CEO Жини Диетрих Фэйсбүүк дэх Like, Impression-ы тооноос илүүтэйгээр ашиг орлогод нөлөөлж чадах зүйлийн талаар ярилцах хэрэгтэйг зөвлөлөө. PR агентлагийн явуулж буй үйл ажиллагаа бизнесийн зорилготой нийцэж, үүнд төвлөрсөн байх ёстой.

Гарааны бизнесүүд PR стратеги гаргахад тулгардаг хамгийн том сорилт бол амжилтаа таньж мэдэх юм. Үйл ажиллагаа нь тогтворжсон, томоохон компаниудтай хамтран ажиллахаас ялгаатай нь үр дүн болон алдагдлыг сар сараар, жил жилээр хэмжих хэмжүүр байдаггүй. Аль ч төрлийн харилцагч бай, сарын дотор, эсвэл хагас жил, магадгүй жилийн дараа ч амжилтад хүрч болно. Сурталчилж буй бүтээгдэхүүний онцгойрох байдал, санхүүжилт, өрсөлдөөний зах зээл болон PR мэргэжилтний хэвлэл мэдээлэл, нийгмийн талаарх мэдлэг зэрэг олон хүчин зүйл амжилтад нөлөөлдөг.


4.Зарцуулах төсвөө хүслээрээ баримжаал

PR-т зарцуулах төсвийг тооцоолох гарын авлага гэж үгүй. Гэвч PR-ын үйл ажиллагааг урт хугацаанд явуулах тусам үр дүн өндөр байдаг тул тогтвортой, удаан хамтран ажиллахад анхаарах нь зүйтэй. Диетрихийн зүгээс PR-ын зардлыг тооцоолохдоо маркетингийн зардлаар баримжаалахыг зөвлөлөө. Компаниуд дунджаар ашиг орлогынхоо 10 хувийг маркетингийн үйл ажиллагаанд зарцуулдаг. Үүнд, арга хэмжээ, зар сурталчилгаа болон PR багтдаг бөгөөд PR 3-5 хувийг эзлэхэд тохиромжтой. Иймээс маркетингийн нийт зардалд зарцуулах хувиас хамааран ⅓-аас тал хүртэлх хувийг PR эзлэж байх хэрэгтэй.


5.  Зөв хүнээ томил

PR агентлагтай гэрээлсэн бол хамтын ажиллагааг хангах, агентлагийн үйл ажиллагааг хянах, дэмжих болон шаардлагатай мэдээллээр хангах зөв хүнийг томилох хэрэгтэй. Тухайн хүн нь хамтын ажиллагаанд нээлттэй, шинэ шинэлэг мэдээлэл авсны дараагаар харах өнцгөө өөрчлөх чадамжтай эрэлхийлэгч нэгэн байх нь зүйтэй. Мөн зөвлөн чиглүүлэгч, зохион байгуулах ур чадварыг ч мартаж болохгүй. Ингэснээр хамтын ажиллагаа үр дүнгээ өгөх болно.


6. “Танилцах үдэшлэг”

PR агентлагтай хамтран ажиллах хамгийн үр дүнтэй арга бол тэднийг багийн нэг хэсэг, өргөтгөл гэж харах хэрэгтэй. ОНМХ-ны ажлын үр дүнтэй байлгахын тулд мэдээллээр хангаж, ирээдүйн хөгжлийн төлөвлөгөөний нэг хэсэг болгож, шаардлагатай тохиолдолд хувьцаа эзэмшигчидтэй шууд харилцаа үүсгэх эрхийг олгох хэрэгтэй. “PR агентлаг нь байгууллагын бизнес, чиглэл, үзэл баримтлал зэргийн талаар мэдээлэлтэй байх тусам хамтын ажиллагаа хүчирхэг байх болно” хэмээн Данлоп зөвлөв. “Танилцах” үйл ажиллагаа ихэвчлэн 2-3 долоо хоног болдог бөгөөд үүний дараагаар мессеж боловсруулалт эхэлдэг.


7. Итгэлцэлд суурилсан харилцаа нь таатай хамтын ажиллагааны нууц

Ямар ч төрлийн харилцаанд итгэлцэл чухал, үүнд ч ялгаагүй. Нийтлэг зорилго, хүсэмжит үр дүндээ хүрэхийн тулд харилцан ойлголцох, шударга, ил тод, мөн харилцан хүндэтгэлтэй бай. Үйлчлүүлэгчийн зүгээс PR-ын хангалттай мэдлэг, туршлагагүй болоод л агентлаг хөлсөлж байгаа гэдгээ санаж тэдний өгөх зөвлөгөөнд итгэх хэрэгтэй. Холланд “Туршлагатай PR агентлаг бодит байдлыг ямар ч хаалтгүй хэлж чаддаг. Харилцагчийн хэлсэн бүхнийг хүлээн зөвшөөрч буй харилцаа нь бодит нөхцөл байдлыг ойлгоогүй, хааш явж юунд хүрэхээ мэдэхгүй байгааг илтгэдэг. Хэвлэлийн мэдээ чинь уйтгартай байна, өрсөлдөгч чинь илүү байна, ажилтнуудаа үнэгүй үдийн цай, йогад хамрууллаа гээд мэдээ бичих шаардлагагүй… Үнэнтэй нүүр тулахдаа бэлтгэлтэй бай” хэмээлээ.


8. PR вакуум орчинд явуулах боломжгүй гэдгийг санаарай

PR-ын үйл ажиллагаанд зарцуулсан мөнгөө салхинд хийсгэхгүйн маркетингийн алсын хараа, том төлөвлөгөөндөө нэгтгэх хэрэгтэй. Данлопын хэлж буйгаар PR асар их үнэ цэнэ авчирдаг хэдий ч брэнд эсвэл бүтээгдэхүүн бүтээх ажлыг дангаар гүйцэтгэж чадахгүй. Ирээдүйд PR, сошиал болон дижитал сурталчилгаа, төлбөртэй хэвлэл мэдээллийн хэрэгсэл гэх мэт олон зүйлийг нэгтгэж эхэлнэ гэж тэр үзэж буй. Тиймээс хүрэх үр дүнгээс хамааран маркетингийн дэд салбар, чиглэл, агентлаг албадыг эртнээс нэг зорилгын төлөө нэгтгэх хэрэгтэй. Таны харж байгаагаар, хариу өгөх цаг болохоос өмнө эцэс төгсгөл хүртэл хийх олон ажил бий. Хэрэв та эхнээс нь зөв асуулт асуувал та болон танай агентлаг амжилтад хүрэх зам дээр гарна.


Зөвлөх үйлчилгээ авахаас өмнө өөрийн зүгээс бэлтгэх олон зүйл байдгийг дээрх хариултуудаас харуулж байна. Эргэн сануулахад, үр дүнтэй хамтын ажиллагаанд хүрэхийн тулд зорилгоо зөв тодорхойлж, зөв асуултаа асуугаарай.


Эх сурвалж: Inc.com