Буцах

Өнөөдөр East Maven компани 5 жилийн ойтойгоо нэртэй төртэй золгож байна. Монголд бүгд л бараа таваар борлуулж бизнес хйиж байхад яагаад үйлчилгээний бизнесийг бие даан эхлүүлсэн юм бэ? Мөн энэ олон жилийн туршид юуг хийж бүтээвээ гэж та бүхэн сониучилж болох юм.


East Maven компанийг үүсгэн байгуулах болсон нь анхандаа хоёр зорилготой байв. Бид Монголдоо PR мэргэжлийн талаар хэвшмэл ойлголт, менежментийн тогтсон арга барилыг шинэчилж, дэлхийн жишигт нийцэх мэргэжлийн бөгөөд бүтээлч брэндийн PR үйлчилгээг нэвтрүүлэхийг зорьсон. Түүнчлэн, асар хурдацтай өсөлт хөгжлийн гараан дээр ирсэн Монгол улсад нийгмийн асуудлууд мундахгүй их байгаагийн хажуугаар төр, хувийн хэвшлийн байгууллагууд стейкхолдерууд, олон нийт, иргэний нийгэмтэйгээ ойлголцолд хүрээгүйн улмаас асуудал бэрхшээлүүд хүндрэн даамжирч, аливаа институцид итгэх итгэл суларч байгааг анзаарч, тэдгээрт шийдэл болох public dimplomacy ажлуудыг санал болгон үйлчилгээ хүргэх нь бидний туйлын хүсэл сонирхол байв. 


Ингээд таван жил өнгөрөхөд East Maven гэх компани хэвлэл мэдээллийн харилцаа, эвэнт сурталчилгаа, сошл агуулгын сурталчилгаанууд дээр голчлон тулгуурласан 30 гаруй компанит ажлуудыг хэрэгжүүлжээ. Эдгээр дундаас 11 дэх удаагийн ASEM-н дээд хэмжээний уулзалтыг угтуулан хэрэгжүүлсэн Монгол улсын гадаад сурталчилгаа, мөн Их Британийн олон улсын GREAT компанит ажлын хүрээнд хэрэгжүүлсэн INSPIREmeFestival-н ажлууд маань хамгийн онцгой нэр хүндтэй нь байв. Эдгээр ажлуудын кейсүүд маань Монгол Улс төдийгүй, Их Британи улсын Ерөнхий сайдад танилцуулагдсан байдаг.


Түүнчлэн бид бүхэн Сингапур улсын ONE Championship, IPP FA, AND Global тэргүүтэй компаниудад үйлчилгээ үзүүлж ажилласнаар цаашид гадаад харилцагчдын тоогоо өсгөж, үйлчилгээний экспорт хийх боломжийг нэмэгдүүлж ирлээ. Биднийг олон улсад PR сурталчилгаа явуулах чадамжаа бэхжүүлэхэд эдгээр харилцагчид маань онцгой их үүрэг гүйцэтгэж ирсэн юм.



Ашгийн төлөө ажлуудаас гадна бид нийгмийн хөгжилд нөлөө болохуйц UBTwestival, NextGen Mongolia, Цагаан Сонголт зэрэг pro-bono хөдөлгөөнүүдийг хамтран эхлүүлсэн, сүүлийн хоёр жилд нийгэмдээ дэлхийн хөгжлийн чиг хандлагыг таниулж, эерэг сайхан бүхнийг сонордуулах Hearty News төслийг 1 жилийн хугацаанд амжилттай хэрэгжүүлсэн билээ.


Манай багийн гишүүнээр ажиллаж, мэдлэг туршлага хуримтлуулсан ажилтнууд маань өдгөө Unitel, Shangri-La Hotel Ulaanbaatar, Монголын Залуучуудын Холбоо тэргүүтэй нэр хүндтэй байгууллагуудад PR мэргэжилтнээр ажиллаж, хувийн амжилтаа ахиулсаар байна.


Мөн энэ хугацаанд бид PR мэргэжлийг ёс зүйн кодтой болгож, хуурамч мэдээг түгээгч дүрэмгүй пропагандист тоглолтуудад хяналт тавьж улмаар өөрсдийн салбарыг мэргэжлийн бус Гомбожаануудын бүтээсэн сөрөг нэр хүндийн ангалд унахаас нь сэргийлж PR мэргэжилтнүүдийн MOPRA холбоог хүртэл хамтран байгуулаад байна.


Энэ мэт онцгой замналыг туулж ирсэн манай компани цаашид олон улсын мэргэжлийн сүлжээнд холбогдсон, үндэсний болон Азийн тэргүүлэх PR компаниудын нэг болж өргөжих зорилготой ажиллаж байгаа бөгөөд олон улсад Монгол улсын нэр хүндийг өсгөж, өрсөлдөх чадвараа таниулахад дэмжин ажиллах болно.


Нийтэлсэн: О.Гэрэлтуяа