Буцах

Мэдээ мэдээлэл, агуулгыг хоромын дотор түгээж болдог эрин үед агуулгын маркетингийн талаарх маркетеруудын ойлголт илүү шинжлэх ухаанч, бас бүтээлч байхыг өнөөгийн онлайн ертөнц яах аргагүй шаардаж эхлээд байна. Онлайн болон сошл медиа орчин дахь агуулгын нүсэр их давалгаа интернэт хэрэглээний өсөлтийг дагаад маш ихээр нэмэгдэж ирснээр хэрэглэгчдийн мэдээ мэдээлэл, агуулга бүрт тавих анхаарал буурч, улмаар агуулга бүтээгчдийг хувьсан өөрчлөгдөхөд нөлөөлж ирсэн байдаг. Ялангуяа интернэт хэрэглэгчид өөрсдөө агуулга бүтээгчид болон хувирч, зар суралчилгааны шинж чанар ихээр агуулсан агуулгаас татгалзаж, агуулгыг шүүлтүүртэйгээр сонгон үздэг болсон нь агуулгын маркетинг шинээр тодорхойлоход хүрч байгаа юм. Өөрөөр хэлбэл агуулгыг зөвхөн зар сурталчилгааны хэлбэр мэтээр ойлгож, түүнийг олон давтамжтай түгээхэд хэт их анхаардаг явдал нь хуучирч, агуулга бүтээгчдийг агуулга хэрэглэгчдийн зан төлөвт нийцсэн илүү нарийн арга туршлагуудыг ашиглахад хүргэж байна.

Google болон Facebook агуулгын ялгаа

Интернэт ертөнцийг Google, Facebook эзэгнэх болсон энэ цаг үед агуулгын маркетинг хайлтын системээр илэрдэг агуулга, нөгөөтэйгүүр интернэт хэрэглэгчдийн сонирхол, сонголтоор өөрт нь очдог агуулга гэж ангилж болох талтай. Хайлтын системээр илэрдэг агуулгыг маркетерууд SEO маркетингаар тухайн агуулгын хүртээмжийг нэмэгдүүлж ажилладаг бол удаах төрлийн агуулгын системд маркетерууд илүү бүтээлч сэтгэлгээнд суурилсан арга тактикуудыг ашиглах нь элбэг байдаг. Ямартай ч аливаа агуулгын анхаарал татах, хэрэгцээтэй мэдээ мэдээлэл агуулсан, хуваалцахад тааламжтай байдал нь агуулгын маркетингийн үр өгөөжийг нэмэгдүүлдэг гэдэгтэй экспертүүд санал нийлдэг. Түүнчлэн сүүлийн үед хамгийн олон үзэгчдийн анхаарлыг татдаг онлайн агуулга нь голдуу реклам, зар сураталчилгааг далд хэлбэрээр явуулдаг агуулгууд байдаг болжээ.

Агуулгын хэрэглээний зан төлөв

Онлайн агуулга нь нийгмийн хандлагыг бүхлээр нь өөрчилж, олон тэрбум долларын хөрөнгө оруулалттай дүйцэх үр өгөөжийг хүртэл авч ирэх хүчтэй, нөлөөтэй гэх утга бүхий нийтлэл саяхан New York Times сонины сайтад нийтлэгджээ. Энэхүү нийтлэлд онцолсноор Техасийн Их Сургуулийн сэтгэл зүйчдийн явуулсан судалгаагаар интернэт хэрэглэгчид ямарваа нэгэн агуулгыг өөрийн тухайн үеийн сэтгэл хөдлөлд тохируулан хуваалцдаг болохыг илрүүлсэн байна. Тодорхойлбол хэрэглэгчид өөрийн эмоцийг сошл орчинд илэрхийлэхдээ агуулгаар дамжуулж илэрхийлдэг болсныг судлаачид тогтоосон байна. Түүнчлэн хэрэглэгчид сошл хүрээндээ өөрийг нь илүү эерэг болон сонирхолтой болгон харуулах агуулгыг түлхүү хуваалцдаг хэмээн дүгнэснийг энд онцолохыг хүслээ.

Сонирхол дагасан агуулга

Интернэт хэрэглэгчид мэдээлэл, агуулгын ертөнцийг өөрсдийн дур сонирхолд нийцүүлж тохируулах, өөрт таалагдсан эсвэл хэрэгцээтэй сонирхлын бүлгүүдэд хуваагдаж эхэлснийг бид хэдийгээр анзаардаг ч тодорхой сонирхлын бүлэгт зориулсан агуулга бүтээх нь Монголын нөхцөлд туйлын ховор ажиглагддаг. Агуулгын чанар, хүртээмж нь хэдийгээр үзсэн, хуваалцсан тоогоор хэмжигдэх боловч, тухайн агуулга нь тодорхой сегментийн хэрэглэгчдэд хэрхэн хүрч, нөлөөлж байгааг эерэг engagement-ээр (коммент, хариулт г.м) нь дүгнэж болдог. Ямартай ч агуулга бүтээгчид нь зорилтод бүлэгтээ, үнэнч хэрэглэгчиддээ хамгийн түрүүнд хүрч ажиллахаа урьтал болгож чадвал бид агуулгын маркетингийн өгөөж, борлуулалтын хувиргалтыг сайжруулж болох юм. Сүүлийн үед агуулгын маркетинг бизнесийн байгууллагууд B2B нэрийн сурталчилгаанд хүртэл түгээмэл ашигладаг болсноор сегментчилсэн түгээлтийн аргуудыг бий болгож байна.

Reatime Marketing

Сүүлийн үед агуулгын маркетинг нь advertising төвтэйгөөс editorial төвтэй болон хувирч байгааг энд онцлох хэрэгтэй болов уу. Тодруулбал, зарим олны хүртээл болж чадсан брэнд агуулгууд нь богино хэмжээний ТВ нэвтрүүлэгтэй төстэй болж, брэнд сэтгүүлзүй дээр суурилсан агуулгууд ихээхэн хийгдэх болоод байгаа юм. Тэрчлэн агуулгын маркетерууд мэдээ мэдээллийн орчинд ажиллаж, хэвлэл мэдээллийн сенсаци, ажендад суурилсан realtime маркетинг явуулах нь маш түгээмэл болжээ. Өөрөөр хэлбэл агуулгын компанит ажил өрнүүлэхтэй зэрэгцээд болж байгаа үйл явдал, хэвлэл мэдээллийн анхааралд өртөх агуулгыг тэр дор нь бүтээж сурталчилгаа явуулах арга тактикууд одоо үед түгээмэл болоод байгаа юм. Дүгнэж ярихад агуулгын маркетингийн стратегиа боловсруулахдаа цахим болон сошл сувгуудын сонголт, масс түгээлтэнд хэт анхаарахаа больж оронд нь агуулгын маркетинг юутай хослуулж, хэрхэн бүтээлч байдлаар ашиглах тал дээр илүү санаа тавьж ажилладаг болжээ. Түүнчлэн агуулгын маркетингд хүртээмжээс илүү нөлөөллийг үүсгэхэд анхаарах цаг нэгэнт ирсэн байна. Энэ төрлийн маркетинг нь маркетингийн хольцийн хамгийн үр өгөөжтэй хэсэг байх эсэх нь агуулгын хэрэглээний хандлага, realtime мониторинг, дагалдах борлуулалтын урамшуулал, сонирхол өдөөсөн, сэтгэл хөдөлгөсөн чанар зэргээс ихээхэн хамаарч, урт хугацааны стратеги, бүтээлч сэтгэлгээ шаардсан маркетингийн төрөл болон хувьсан өөрчлөгдөж байна.